А.Батмөнх: Цагаан сарын барилдаан шударга байдаг нь сайхан
- Цагаан сарын барилдаан ойртлоо. Энэ барилдаанд нэлээд ач холбогдол өгдөг биз?- Тэгэлгүй яах вэ. Уламжлалт сар шинийн барилдаанаар тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог гэж үздэг. Тийм учраас энэ удаад сайн барилдах юмсан гэж бодож бэлтгэлээ хийж байна даа. Би хоёр удаа энэ барилдаанд зодоглож байлаа. Энэ жил гурав дахь удаагаа сайхан барилдахыг хичээнэ дээ.
- Сүүлийн үед галууд Цагаан сарын бэлтгэлээ хотоос зайдуу гарч хийдэг болсон гэсэн үү?
- Ер нь галууд болоод бөхчүүд энэ барилдаанд амжилт гаргахын төлөө маш их хөдөлмөрлөж, галаа бүрдүүлэн хотоос зайдуу гарч бэлтгэлээ базаадаг болсон. Энэ нь мөн л өнгө шинждэг гэдэг утгаар ч байж болох юм. Мөн хамгийн шударга барилдаан гэж манай ахмадууд өгүүлдэг. Тэгээд ч дан ганц Цагаан сар, Наадам гэлтгүй Бөхийн өргөөнд болж байгаа барилдаанд залуу бөх гэлтгүй чанга болсон учир сайн бэлтгэл хийхгүй бол эвгүйтэж мэднэ. Би л хувьдаа Аймгийн арслан цолтой болчихоод залуу бөхчүүдэд унаж болохгүй гэж өөрийгөө зоригжуулдаг байсан юм..
- Хэдэн онд Аймгийн арслан цол хүрлээ?
- 2009 онд Орхон аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн. Тэгэхэд түрүүлэх тухай бодол ч үгүй байсан юм. Уг нь чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аваргад явах гэж Орхон аймагт бэлтгэл хийж байсан. Гэтэл яг явах болсон чинь замын зардал бүтээгүй. Хүн амьтнаас гуйгаад л, "Дэмжээч, туслаач” гээд явж ч үзсэн. Гэхдээ бэлтгэл тун сайн байсан юм шүү. Нэгэнт явах хувь тохиогоогүй болохоор тэндэхийн наадамд барилдаж үзэхээр шийдээд түрүүлчихсэн. Үзүүр түрүүнд Төв аймгийн хурц арслан Ц.Батчулуун ахтай үлдсэн. Мань хүн биеэр надаас хамаагүй том. Гэтэл би өсвөрийн бөхчүүдийн үзүүр, түрүүнд үлдсэн хоёр хүүхдээс жижигхэн байдаг. Тэгээд манай нутгийнхан бид хоёрын барилдааныг харчихаад "Ишш, Батмөнх минь. Тэр мангар юманд ясаа хэмхчүүлэлгүй амьд, мэнд салвал их юм” гэж байсан гэдэг.
- Үндэсний бөхөд жижигддэг үү?
- Үгүй ээ. Одоо жин 100 кг, өндөр 170 гаруй см байгаа. Энэ хэвэндээ байхад тийм ч их жижигддэггүй.
- Өнгөрсөн жил одтой сайхан барилдаж Улсын цолонд хүрсэн. Цол дагаж бяр нэмэгдэж байна уу?
- Ам авах, тунаж барилдах зэргээс эхлээд Улсын цол мэдрэгдэлгүй яах вэ. Одоо харин энэ цолондоо эзэн болж, ахиулж барилдахыг хичээнэ дээ.
- Та барилдааны тэмдэглэл хөтөлдөг үү?
- Сүүлийн үеийн барилдаануудаа камераар бичдэг болоод байгаа. Дараа нь тэр бичлэгээ харж байгаад алдаа, оноогоо дүгнэж л байна.
- Тэгвэл ихэвчлэн ямар алдаа гаргаж байна?
- Жаахан яарч барилдаад байдаг юм болов уу даа. Тэгж л дүгнэж байна.
- Наадмаас өмнө судалгаа хийн, учраа таарах магадлалтай бөхчүүдээ тоолж байсан уу?
- Өмнөх 1204 бөхийн барилдаануудын оноолт зэргээс эхлээд хэрэндээ л ганц нэг тооцоо хийсэн байсан. Гэхдээ заавал дээгүүр даваа гэлтгүй төрийн наадмын дэвжээн дээр хэнтэй ч учраа таарч болох учир эрт том зүйл мөрөөдөөгүй л дээ.
- Тэгвэл Улсын начин цолны даваанд Өсөх идэр начин Б.Чинзоригтой хийсэн барилдаанаа дурсаач?
- Тавын даваанд гарахын өмнө нутгийн том цолтой ах нар ирж "Миний дүү, ингэж барилд. Тийм мэх хий. Хариуд нь цаадах чинь тэгнэ” гэх зэргээр нэлээн зөвлөгөө өгсөн. Би ч энэ жилийн хувьд бэлтгэл сайтай байсан. Ноднингийн наадмаас хойш бараг 10 сар бэлтгэл хийсэн юм билээ. Гэхдээ л анх удаагаа Улсын наадамд барилдаж байгаа болохоор эхнийх нь сургамж, туршлага хоёр болоод үлдэхэд харамсах зүйлгүй л гэж бодож байсан. Тийм ч амархан Улсын цолонд хүрчихдэггүйг ойлгож байсан гэх үү дээ. Гэсэн хэдий ч бүх хүчээ дайчилж барилдах нь ойлгомжтой шүү дээ. Харин тавын даваанд Өсөх идэр начинг өвдөг шороодуулсны дараа гоё мэдрэмж төрсөн. Улсын цолтой бөхийг хаяад Улсын цолонд хүрнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Улсын цолны босго алхчихлаа шүү дээ гэж бодохоор л цээж дүүрээд, уртаас урт амьсгаа авмаар санагдсан шүү.
- Ярилцсанд баярлалаа.